Tuesday, July 8, 2008

Блог архивт зориулав

Болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулж олон хүний бичсэнийг уншиж байсан ч санаанд хүрэхгүй байсан юм.Харин монголын сэтгүүл зүй болон оюуны хөгжилд том байр суурь эзэлдэг энэ хоёр хүний ярилцлага олон хүнд ухаарал авчирсан байх гэж найдаж байна.7 сарын 1 ний энэ гашуун сургамжтай үйл явдал нэгэнт түүх болон бичигдэх болохоор үйл явдлын халуун хөрч амжаагүй үед тэдний өгсөн ярилцлага ч түүх болон үлдэх нь ойлгомжтой Тийм болохоор өөрийн блогтоо энэ ярилцлагыг авч үлдэхээр шийдлээ.Зөвхөн өөртөө зориулсан болохоор мэдээж уншсан хүмүүс буруушаахгүй биз дээ.Бидэнд одоо ухаантай оюунлаг хүмүүсээ сонсож эв нэгдлийг сонгох цаг иржээ.

Баабартай хийсэн ярилцлага
ХӨӨРСӨН ОЛОН БА ГЭМТ ХЭРЭГ

Яриагаа саяын үймээнээс эхлэе. Яагаад хүмүүс ийм зэрлэг байв?
Сципион Сигэле хэмээх судлаачын 1892 онд хэвлэгдсэн "Гэмт сүрэг" хэмээх суурь бүтээл байдгийм. Би тэрнээс хамгийн гол санааг нь орчуулаад маргааш чам руу мэйлдчихэе. Тэгээд чи наанаа хариулт болгоод оруулчаарай.

...Ямарваа нэгэн улс төрийн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газар руу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй хоншоор нь хазайсан дарга тааралдвал дундаа хийж байгаад цусыг нь холих гэж тачааддаг. Ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн олон түмний адал балмад хорлон сүйтгэх дээрх үйлдэл бол гэмт хэрэг. Мэдээж массыг ингэж хөөрөх хүртэл бухимдуулсан эрх баригчдын арчаагүй бодлогыг зөвтгөх аргагүй. Гэхдээ яагаад олон түмэн нийлж байгаад эрүүл саруулаар шаардлага тавьж хүссэн үр дүндээ хүрэхийн оронд өөрсдөө гэмт хэрэгтэн болтлоо балмад авирладаг вэ? Цугларсан олон бүгд гэмт хэрэгтэн биш нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хүн ганцаараа байхдаа хэзээ ч хийж зүрхлэхгүй үйлдлээ жагсаал цуглааны үед учиргүй зоригтойгоор хийж орхидог нь юуных вэ? Олон түмнийг шүүх арга бараг байдаггүй, хариуцлагыг ганц хүн дээр тохох боломжгүй байдаг нь хувь хүнийг ийн зориг оруулж сэтгэлийн мухартаа ёс суртахуун гэх мэтээр чөдөрлөгдөж байсан балмад зан нь өдөөгддөг гэж хэлж болох юм. Гэхдээ л энэ хангалтгүй. Тухайн хувь хүнийг ганцааранг нь байлгаж байгаад “за хө чамд хариуцлага оноохгүй үүнийг эвд сүйтгэ” гэж ятгавал тэрээр өнөөх үйлдлээ хийх эсэх нь бас эргэлзээтэй. Тэгэхээр бөөгнөрсөн олны дунд хүмүүсийн гаргадаг гаж авир нь ердөө нэг нэгнээ даган дууриах төрөлхийн заяамал сэтгэхүйтэй холбоотой, тухайн уур амьсгал дахь ятгалгын нөлөөнд хэтэрхий автдагийнх юм.

Тэгвэл хүмүүс нэг нэгнээ дагаж дууриах зөнтэй юм бол яагаад буянт үйлийг биш заавал муу муухайг нийлж үйлддэг юм бэ? Бараг л бүх хүн адгууслаг чанартай, түүнийгээ хөгжүүлсэн үү, дарж унтраасан уу гэдэг нь хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай шууд холбоотой. Бөөгнөрсөн түмний ятгалгад автахгүй байх, сөрж тэсэх сэтгэлзүйн хүчтэй хүн маш цөөхөн аж. Цугласан олны дунд оруут л тэдний үг яриа баараггүй үнэн мэт санагдаж ханьсдаггүй юм гэхэд дэмжин тухирагч болох нь олонтаа...

Зуу гаруй жилийн өмнө ингэж бичиж байж дээ. Ялангуяа саяхи тохиолдол театрт биш, стадионд ч биш, хүмүүс эрх баригчдын эсрэг бухимдал тээж цугларсан асар том талбайд гэдгийг сана. Бөөгнөрсөн олон хүнээс, ялангуяа янз бүрийн үзэл бодол, зан авиртай, өөр өөр боловсрол, хүмүүжилтэй хүмүүс нэг дор цугласан байхад тэндээс ухаалаг шийдвэр, эрүүл үйлдэл гарна гэж горьдсоны гарз. “Тарцгаа" гэж лүндэндэхээсээ наана ингэж цугларуулахгүй байх, цугларах "овоо"-г босгохгүй байхад л ухаанаа зарж байх нь хавьгүй дээр гэдэг нь ойлгомжтой.


ЛУЙВРЫН СОНГУУЛЬ

Бухимдал юунаас үүдэв?
Сонгуулийн булхай, луйвар гээч юм 1996 онд анх үүсч байсан. Өвөрхангайд Түмэн-Өлзий эмчийг улайм цайм булхайдаад унагачиж байв. Баянмөнх, Наран хэн билээ АН-ын хоёр хүнийг сонгуулийн хороо санал хураалтын өмнөхөн булхайцан нэрсийн жагсаалтаас хасч байсан. АН олонхи болсон учраас гомдол гаргалгүй өнгөрсөн юм шүү дээ. Энэ булхайг төрийн захиргааны байгууллага удирдан зохион байгуулж хийсэн юм. 2000 оны сонгуулийн үеэр луйвар тогтолцооны хэмжээнд очиж машинжсан. Сэлэнгэд “Бат-Үүл Зоригийг алсан нь тогтоогдсон учир ямар ч байсан сонгож болохгүй” гэсэн заавар очиж байлаа. Үүл ялаад эхлэнгүүд сонгуулийн хайрцгийг булааж аваад мотоцикльтой зугтааж байлаа. Дорнодот Элбэгдорж гарцаагүй сонгогдсон юм шүү дээ. Ард түмний тэн хагас нь МАХН-ын эсрэг өгсөн байхад тэд суудлын 72-ийг авсан. Энд сонгуулийн тогтолцооны гажиг байсан боловч луйвар булхай илүүтэй үүрэг гүйцэтгэсэн.

Олон жил өнгөрөөгүй болохоор 2004 оны сонгуулийг зарим хүн санаж байж магадгүй. Дүнгээрээ АН хавтгай ялсан юм. Луйврын машины зохион бүтээгч Энхбаяр өөрөө Баянгол тойрог дээр Эрдэнэд ялагдсан юм шүү дээ. Сандарсандаа хажуу тойргоос өч төчнөөнөөр нь сонгогчид нүүлгэн шилжүүлснээс болж Бямбадорж хэн ч мэдэхгүй нэг бандид ялагдаж орхисон. Цагтаа Бямбадорж Энхбаярт гомдож агсан тавьж л байсан, одоо бол ичихгүй худлаа гээд мэлзэх байх л даа. Ганди ялагдчихаад байхад Ганцхудгийн хэсгээс санал луйвардан авчирч байж ялуулсан гэдгээ намын хурал дээр намынх нь нөхөр хэлж байсныг хүмүүс зурагтаар сонссон л байх. Гүррагчаагийн ялагдлыг өрсөлдөгчид нь албан тушаал өгөх замаар тайтгаруулаа биз дээ. Шанд нь Энхболдтой нэг нэг болгоё гэж тохирсон. Би энд эд мөнгөөр татсан, мөнгө тараасан тухай яриагүй байна шүү дээ. Төрийн машин өөрөө булхай хийж луйврын аргаар төрийн эрх мэдлийг нэгэн хүчинд хууль бусаар авч өгсөн тухай л хэлж байна.

Саяхи сонгуулиар АН-ын төлөөлөгчид хэсэг болгонд оролцсон биш үү?
Төрийн байгууллага өөрөө зохион байгуулж луйвар хийдэг тогтолцоо чинь хувь хүнээс үл хамаарсан машин болон хувирчээ. Тэр машинаар үйлчлүүлсэн АН-ын болон өөр намын нэр дэвшигч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ луйврын энэ машин дийлэнхдээ эрх барьж байгаа хүчиндээ үйлчилдэг. Сүүлийн гурван сонгуулиар ингэлээ. Хэзээ нэг цагт АН төрийн эрх бариад энэ машиныг өөртөө үйлчлүүлээд эхэлбэл бас л энэ нь тэвчишгүй муухай зүйл болно.

Луйврыг гардан үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхийн оронд шан урамшил авдаг болоод арван жил болж байна. Миний сонссоноор Увсад одоо сонгуулийн хэсэг хороонд ажилласан этгээдүүд шагналын мотоциклоо уначихсан манаргаж явна гэнэ. Ийм луйвраар цадаад сурчихсан, сонгууль тэсэн ядан хүлээж суудаг бүхэл бүтэн сүрэг буй болж.

АН-ын хэсэг хороонд ажиллагсад болон ажиглагчид булхай луйврыг зогсоож болоогүй юм болов уу?
Луйвар сүүлдээ маш сайн төгөлдөршсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөнгийг сонгуулийн хэсэг болгон дээр цацаж тараадаг юм биш байна. 2-4 хэсгийн хороог худалдаад авна. Тооллого болж байхад бусад нь тоолж дүнгээ гаргана, харин товлогдсон хэсгүүд яарахгүй, захиалагчаас дохио хүлээгээд сууж байна. Бусад нь байнга төв рүү болон нам руугаа, мөн нэр дэвшигч рүү мэдээлж байхад тэр хэсгүүд таг чиг. Эндээс хэнийг луйвардаж болох, хэнийг тэртэй тэргүй гүйцэх аргагүй болох нь тодроод ирнэ. Луйварт хэдэн санал дутаж байгаа нь ч ойлгогдоно. Миний олж сонссоноор ажиглагчийн ханш дор хаяхад 10 сая гэсэн. Бүх тойргоор мөнгө цацсанд орвол товлож луйвардсан нь хавьгүй үр дүнтэйгээс гадна мөнгөнд маш хэмнэлттэй. Баригдах магадлал нь ч хамаагүй багасна. Шөнийн 3 цаг хүртэл жишээ нь Ганболд, Гарамгайбаатар нар Хэнтийн хойд сумдаар тасархай цойлж байсан. Урд сумууд таг чиг байсаар нэгд байсан Ганболд өглөө гэхэд дөрөвт орж байх жишээтэй. Олон газар ийм болсон. Дорнодот нэгээр гарсан Зоригтыг дөрөв рүү чихсэн байна. Хүмүүсийн өгсөн жинхэнэ саналыг устгаж амжаагүй байгаад сая уут шуудайгаараа баригдлаа. Энэ чинь эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү дээ. Саяхан Хэнтий аймгийн захиргааны подвоолоос 2004 оны сонгуулийн жинхэнэ өгсөн саналууд шуудайгаараа олдлоо гэсэн. Ийм ноцтой гэмт хэргийг яагаад замхруулаад байдаг юм бэ? Тооллого эхлэхгүй удсан, бусадтай харьцуулахад хавьгүй хойно дүнгээ гаргасан, хааш нь ч мэдээлэл өгөхгүй таг чиг байсан хэсгүүдэд дахин тооллого болон мөрдөн байцаалт явуулахад булхайн үндсэн чиг баримжаа, механизм тодроод ирэх байх.

Өөрөөр төрийн байгууллагууд яаж оролцов?
Сонгуулийн луйварт оролцсоноор эрүүгийн хэрэгт орох нь байтугай шан харамж, нэр нүүр албан тушаал хождог механизмтай болсон болохоор төрийн байгууллагын төлөөлөгчид эрх баригчдад эрээ цээргүй идэвхийлэн үйлчилдэг тогтоц буй болжээ. Иргэний бүртгэл мэдээллийн газар он гарсаар 100 гаруй мянган үнэмлэх шинээр тараасан байна. Өдөрт 200 үнэмлэх хийх хүчин чадалтай гэх мөртөө сонгуулиас хоёр хоногийн өмнөх шалгалтаар гэхэд тэр өдөр таван мянга гаруйг тараасан байгаа юм. Иргэний регистрийн кодыг хэдэн мянгаар нь худалдаж авсныг хүмүүс мэдэж байгаа. Гадаадад 150 орчим мянган Монголын иргэд байгаа, хэд нь кодоороо сонгуульд орж орхив? 2004 онд нэг умгар гэрээс 40 хүн сонгуулийн санал өгсөн жишээ гарч байсан. Улаанбаатарт гадаадын иргэд олон бий, тэдний гэрийн хаягаар ямар олон Дулмаа, Дорж нар саналаа өгсөн гэж бодно. Үүнийг чинь нэр дэвшигч дангаараа үйлдэх бололцоогүй, төрийн машинаар дамжуулж төрийн тусламжаар хийсэн хэрэг шүү дээ.


ЭНЭ БОЛ БУХИМДСАН ОЛОН

Жагсаал, жагсаал гэх үү, тонуул гэх үү, МАХН-ын төв байрны өмнө болсон үймээний тухай эргээд ярья. Үүнийг санаатай, урьдаас зохион байгуулсан байж болох уу?
Удаа дараа байнга болсон илэрхий луйвар булхайд хүмүүс дургүйцээгүй гэж үү? Эрх чөлөөт оронд амьдарч буй иргэд төрөө сонгох эрхийг нь улайм цайм луйвардан авч байхад инээгээд сууж байх гэж үү? Нэгний өдөр хэн нэгний хатгаасаар дор хаяхад 20 мянган хулгайч, адгийн шаарууд, дээрэмчид гэнэт зохион байгуулалттайгаар цугларсан гэвэл хэн итгэх юм бэ? Өрөөсөн гартаа хүүхдээ тэвэрчихсэн, нөгөө гартаа чулуу бариад гүйж байгаа нас тогтсон эмэгтэй бухимдсан байна уу, дээрэм хийхээр хүний хатгаасаар явж байна уу? Олон жил хуримтлагдсан иргэдийн бухимдал дэлбэ татсан. Энэ нь урьд өдрөөс нь ажиглагдсан. NTV нэвтрүүлгээ зогсоож байгаад шөнө нь хэд хэдэн удаа харуулсан юм. Би тэндээс харсан. Эхлээд АН-ын үүдэн дээр голдуу нас тогтсон 50 орчим хүн байлаа. Удахгүй тэд олширсон. Ийм юм болж байгааг NTV харуулснаас гадна энэ үед Ийгл ТВ-ээр ярилцлага өгч байсан Бурмаа зарласан. Шөнийн 2 цаг гэхэд цугларагсадын тоо мянга хүрсэн байх. Тэд Ху намын байр, Баянгол буудал зэрэгт очиж байсныг зурагт харуулсан.

Маргааш нь дахиж цуглахыг Магнай, Жаргалсайхан нар уриалж байгаа бичлэг бас байна.
Ху намынхан ялалтаа сонгуулийн шөнө 3 цагт бахархалтайгаар зарлаж эхэлсэн шүү дээ. 6 цагт дахиад зарласан. Отгонбаяр гэх нөхөр, би түүнийг согтуу байна гэж харсан шүү, хөөр болон морь бөх цоллож байгаа юм шиг өвчигнөсөн. Маргааш өглөө нь юу юугүй цэцэг навч болоод л явсан. Ингээд АН таг чиг болчихоор хүмүүс тэндээс их юм хүлээж байлаа. Нэгний 12 цагт Элбэгдорж мэдээлэл хийнэ гэдэг нь урьд өдрийн орой зарлагдсан байсан. Үүнээс болоод үй олон хүн талбай хавиар цугласан байлаа. Ингэхээр цуглааныг зориудаар урьдчилан зохион байгуулсан хүн болоод байгууллага үгүй л болов уу.

Магнай цуглаан болохыг урьдчилан зарлаж байсан бичлэг бий шүү дээ.
Тэр Магнайг чинь хэн тоодог юм! Тэгээд харанхуй шөнөөр шүү. Мэдээллийн хэрэгслэлээр зарлаагүй шүү дээ. Зүгээр л нэг хувьсгалч бацаан. Хуучин Зөвлөлтөд болсон “өнгөт хувьсгал”-ын үзэл санаанд хэт автчихсан хүүхэд. Нийгэм түүнийг дэмждэггүй шүү дээ. Нэгэнт цугласан олон дээр очиж хувьсгалын удирдагч болж харагдах гэж улайрч яваад хэрэгт орж байгаа юм. Намын байр хамгаалж байсан гэрээт хамгаалагч нар руу тэр л чухал удирдагч гэдгээ илтгэх гэж туг яндар намируулсаар эхэлж дайрсан, гэхдээ энэ бол Магнай зохион байгуулсан гэсэн үг огт биш. Жагсаал цуглаанаар далимдуулж цонх хагалах, үймээн үүсгэх, хий дөвчигнөх зэрэг өвчинг тэр хэд анх хэдэн жилийн өмнө санаачилсан нь үнэн. Ордны цонхыг яйруулж л байсан. Гэхдээ Монголд ийм юм талархал хүлээдэггүй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгомоор. Иймээс сүүлийн нэг хоёр жилд хүмүүс тэднээс нүүр буруулсан. Юмыг хэт хялбаршуулж ойлгох болон тайлбарлах, буруутныг юу юугүй илрүүлэн довтлох нь эрүүл ухаан биш дээ.

Тэгвэл цугласан олныг хэн үймээнд татан оролцуулав?
Хэрэв тийм буруутан хувь хүн хайж байгаа бол Магнай гэхээсээ Элбэгдорж, Баяр хоёр юм. Энэ бол олон түмнийг дагуулсан хоёр том улс төрийн хүчин. Хүмүүс энэ хоёр хүчинд итгэдэг, тэдэнд илүүтэй уруу татагдана. Хоюул биен рүүгээ дайрсан, бурууг хаягласан мэдэгдлийг угсруулан гаргасан. Цугласан, өдөөлтөнд орсон, хөөрсөн олонтой тун эмзэг хандах ёстойг энэ хоёр туршлагатай улс төрч мэдэж байх ёстой. Уурын мунхаг, болгоомжгүй үг өдөөлтөд орсон олонд шууд л гал дээр унах тос болно. Талбай дээр дээрэмчид биш бухимдсан олон цугласан байсан. Дээрэмчдийн асуудал бол тусдаа. Манай нийгэм маш их зэрлэгшиж моралийн уналтанд орчихоод байгаа нь үнэн боловч арай ч аль нэг өдөөн хатгагчийн дохиогоор хэдэн арван мянгаараа дээрэм тонуул хийхээр цуглах хэмжээнд очоогүй шүү дээ. Тийм олон дээрэмчин ч байхгүй биз, эрхбиш. Ер нь бухимдсан олон, дээрэмчид хоёрыг ялгаж салгахгүй нэг шуудайнд хийж байгаад өшигчөөд унавал дараа дараагийн бухимдлын суурийг л тавина.

Сонгуулийн дүнгээс болж л олон түмэн бухимдав уу?
Ингэж нотолбол дахиад л хэт хялбаршуулсан хариу болно. Манайд ядуурал, ажилгүйдэл замаа алдлаа. Саяхан олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатарт 44 хувь, хөдөөд 34 хувийн ажилгүйдэл байна. Ажилгүйдэл нь ядуурал, гэмт хэрэг, архидалт дагуулдаг нь жам. Баян ядуугийн ялгаа газар тэнгэрийн хэмжээнд хүрлээ.

Сүүлийн гурван жилд Монгол улс бараг гурав дахин баяжлаа. Статистик тэгэж хэлж байна. Гэтэл энгийн олонд тэр баялаг очив уу? Чуулган дээр үймээний буруутанг олчихсон цээрлүүлэх ялыг нь Шаравдорж бахархалтайгаар оноогоод л орилоод байна билээ. Хааш хаашаа гучин метр танхим дотор арван хэдэн жил бүгсний шанд олон тэрбумтан болсон тэр өөрөө үймээний гол буруутан юм шүү дээ. Барьж байгаа хорооллыг нь байг гэхэд Их дэлгүүрийн хажууд барьсан олон давхар харшийг нь хүмүүс харж л байгаа шүү дээ. Хүмүүс үүнийг хараад төрдөө талархаад байна гэж бодож байна уу? Хөдөлмөр зарж гараараа ядахнаа баримлын шавраар юм хийж үзээгүй хүмүүс ингэж таргалахаар бусдад нь таатай байх уу? Замын-Үүдэд эзгүй газар хэрэггүй хашаа сая доллароор барьчихаад цаана нь мөнгө дутаж байна гээд сууж байгааг хүмүүс зурагтаар хараад хөөр болох уу? Гэтэл Бат-Үүл шиг хувийн машин ч үгүй, хуучин байшиндаа сууж байгаа нэгнийгээ “улс төрд хичнээн жил зүтгэчихээд гэрээ тохижуулж чадаагүй арчаагүй амьтан” гэж хамт суугаа гишүүн нь мэдээллийн хэрэгслэлээр баалж суудаг хэмжээндээ хүрчиж. Миний мэдэхээр Улаан сонгогдсон аймгийнхаа олон жилийн төсөвтэй тэнцэх мөнгө идсэн, цаадуул нь шүтээд л сонгоод байхаар тойргийн гаднах өөр бусад хүмүүс аль зэрэг баярлаж байгаа бол? Заргалдвал заргалдаарай. Улсын Ерөнхийлөгч нь төв талбайгаа тойруулаад баахан газар байр дээрэмдчихсэн, түүнээ шөнийн цагаар эргэж тойрч байдаг нь наад зах нь хүмүүсийн атаархал хөдөлгөх юм биш үү? Шүүхдвэл шүүхдээрэй. Би үүнээс хавьгүй ихийг хэлж чадна, олныг ч хэлсэн, хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй.

Хүмүүс бухимдах хангалттай олон шалтгаан байна. Утаан дунд хордож байгаагаас эхлээд наад захын хүнсний үнэ огцом өсч байгаа нь хичнээн цаанаа аргагүй шалтгаантай ч гэсэн бухимдал хорсол үүсгэж л байгаа. Ядуурлаас бушуу гаръя, байгалийн асар их баялаг ийм боломж олгож байна гээд байдаг. Гэтэл судалгаагар хүн амын дэндүү дийлэнх нь тэгэе гээд байхад Төр асуудлыг шийдэхгүй, хэдэн рэкетчинг “ард түмэн” гэж заачихаад зориуд алгуурлаад байгаа нь тэвчээр барж л байгаа. Ноднингийн нисдэг тэрэгний осол, өвлийн архины хордлого, Хонгорын асуудал, биенээ олны нүдэн дээр хутгалж алсан явдал, үгүй дээ л Баасан авгайн дөвчигнөл энэ тэр чинь бага багаар бухимдлыг нэмж овоолсоор дэлбэрч гарахаас өөр аргагүй хэмжээндээ тулна биз дээ? МАХН гэдэг байгууллага энэ орны 30 мянган эрчүүдийг хомроголон устгажээ. Одоо болтол үүнийхээ төлөө уучлал гуйхгүй, цаг өнгөрөх тутам аягүй бол бахархах маягтай. Энэ чинь бас л олон хүний сэтгэлийн мухарт байгаа, бухимдагсад өөрсдийн хийж буй балмад ажиллагаагаа зөвтгөх бас л нэг шалтаг. Иймэрхүү өөр өсөрхөл гомдол ч олон хүний цээжинд яваа. Төрийн албанд зүтгэж байсан 15 мянган иргэнийг 2000 оны сонгуулийн дүнгээр зөвхөн улс төрийн шалтгаанаар ажилгүй болгож гудамжинд хөөж гаргалаа. Энэ олон хүн чинь цаанаа эцэг эх ах дүү хамаатан садан гээд бүр ч олон хүнтэй биз дээ, тус болгонд нь л ямар нэг гомдол үүсчихсэн л байгаа.


ДЭЭРЭМ ТОНУУЛ БОЛ ТУСДАА АСУУДАЛ

Хүмүүс бухимдсан, тэр нь сонгуулийн дүнгээр дэлбэрсэн байж, тэгвэл дээрэм тонуул, галдан шатаалт зохион байгуулалттай байж болох уу?
Тэр бол харин ёстой боломжтой зүйл. Ер нь голдуу тэгдэг. Англи хүний имиж нь жэнтлмэн. Соёлтой байх үлгэр нь англи хүн. Бараг л соёлын жишиг байх. Гэтэл хөлбөмбөгийн тэмцээний дараа тэд яаж зэрлэгтдэг билээ? 1980 онд Брюссэльд хөлбөмбөг үзэж суугаад 100 гаруй италичуудыг алж орхисон. Хүн үнэмшмээргүй. Хөөрсөн цугласан олон маш аюултай. Тэнд ямар ч эрүүл ухаан үйлчлэхгүй. Чухам энэ вандализмыг далимдуулж дээрэмчид алуурчид цугладаг. АНУ-ын өмнөд мужид үер болж хот усанд авахуулахад хар цагаан арьст америкчууд хэрхэн дэлгүүр байр тонож байгааг дэлхий даяараа харсан. Цэрэг оруулж байж зогсоосон. Хаа байна, америкчуудын өндөр соёл?

Саяын үймээний тэргүүнд голдуу хүүхэд, өсвөр залуус оролцлоо.
Манай нийгэм ямар болчоод байгааг харуулж байна. Харсаар байтал худагт оочирлоод зогсож байдаг гэр хорооллын туранхай жаалууд байна билээ. Ху намын байрны өмнө машин угаана гээд бохир алчуур бариад ирдэг гуч дөчин хүүхэд хамгийн түрүүн хамрагдаа биз. Хориод жилд бид хичнээн хүүхэд траншейнаар хүмүүжүүлэв? Гэр оронгүй хүмүүс хаана ч байдаг. Харин хүүхэд ингэж амьдрахыг аль ч соёлжсон төр зөвшөөрдөггүй юм. Бид л харин үүнийгээ бүр лого болгоод дэлхий даяар гайхуулах шив. Гадаадын ердийн зурагт үзэгчид биднийг траншейнд амьдардаг гэж ойлгодог юм шүү дээ.

Үймээнээс нэг ажиглагдсан зүйл бол манай төр ийм юманд дэндүү бэлтгэлгүй аж.
Манай төр асар данхар. Нийгмийн баялагийнхаа 50 гаруй хувийг нь залгичихдаг. Оролцохгүй юм байхгүй. Гэтэл төрийн гол үүрэг бол нийгмийн амар амгаланг хангах явдал юм. Чухам үүнийх нь төлөө иргэд төрдөө төлбөр төлдөг. Төр өөрийн ноогдсон үүргээ биелүүлэх болохоор ямар арчаагүй болох нь харагдлаа. Жагсагчидтай чулуугаар байлдаад зогсож байгаа хөөрхийлөлтэй цагдаа, 15-тай бацаанд зодуулаад хэвтэж байгаа арчаагүй офицерийг хэлээгүй шүү. Асуудал гол нь зохион байгуулалтдаа байгаа. Тоног төхөөрөмжийг нь Жагаа нийлүүллээ гээд л зурагтаар гараад байсан, Эрээний дуураймал бараа юу, хүүхдийн тоглоом уу. Авилга гүн шигдсэн газар төрийн бүх юм нь болдоггүй юм даа.

Яагаад гал дүрэлзээд эхлэхээр цагдаа нар алга болчив, хажуу талын байранд хэн гал тавив, дээрэм тонуул хэн хийв, үүнийг хэн зохион байгуулав гээд олон асуудлыг тодруулах шаардлагатай. Тэр үед юм тодрох байлгүй. Саяын хэд хоногт Үндэсний телевиз л хамаг юмыг мэдсэн, учрыг нь олчихсон, буруутныг нь тодруулчихсан байх шив.


МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРЧЭЭ

Мэдээллийн хэрэгслэлийн байр суурь үйл ажиллагааг та юу гэж үнэлж байна?
Нэг талаас чөлөөт мэдээллийн хэрэгслэл манайд бахархам төвшинд хүрснийг харлаа. Мэргэжлийн ур чадварын хувьд Ийгл онцгой байсан. Үйл явдлыг CNN-ий төвшинд харуулж байсан. Шууд, олон талаас нь, элдэв тайлбар оношилгоогүйгээр дамжуулж байлаа. Мэдээллийн хэрэгслэлийн нэгдүгээр үүрэг бол энэ. Тайлбарлах нь дараагийн асуудал. Дүгнэлт өгөх нь бүр дараагийн асуудал, тэр нь сэтгүүлчдийн биш мэргэжлийн хүмүүсийн хэрэг. Буруутныг олж илрүүлэх яллах тооцоо бодох нь дахиад бүр өөр газрын шийдэх асуудал.

Онц байдал тогтоосны дараа ганц үлдсэн нь харин ч нэг яллаж өгөх шив?
Бид олон ургалч үзлийн нийгэмд амьдарч байна. Хүнд бүх төрлийн дүгнэлт очиж буй боловч иргэд өөрийн сонголтоо хийдэг. Хэн нэгнийг бодлоо хэлэхээр “тархи угаалаа” гэх нь элбэг болж. Олон ургалч үзэл дунд тархиа угаалгаж байгаа бол хохь нь. Уг нь энэ нэр томъёог Жоорж Орвэл гаргаж ирэхдээ нийгмийг бүх мэдээллээс хүчээр тасалчихаад ганц сувгаар зориудын бэлдсэн суртчилгаа явуулж албадлагаар нэгэн ойлголттой болгох процессийг нэрлэжээ. Бид олон жил тархи угаадаг нийгэмд амьдарч байсан. Харин сая дөрөв хоног “тархи угаах” гэдэг үнэндээ юу байдгийг иргэд ойлгосон болов уу. Сэтгэцийн өвчтэй, тахир татуу хүнээр “Нэгэн Магнай надад сая төгрөг өгсөн” гэж хэлүүлээд, түүнийгээ үнэмшүүлэх гэж дайраад байгаа чинь тархи угаалт байхгүй юу даа.

Онц байдлын үед мэдээллийн хэрэгслэлийг хаадаг нь зөв үү?
Хуулинд тийм юм бий. Тодорхой тохиолдолд зөв ч байж болно. Яах гэж хаадаг юм бэ? Зорилго нь юу юм бэ? Онц байдал үүслээ гэдэг чинь нийгэм дундуураа хуваагдчихаад маргаанаа хүчирхийллээр шийдэх гээд байгааг таслан зогсоож буй хэрэг. Нийгэмд буй болсон бухимдлыг тайвшруулахын тулд авч буй арга хэмжээ. Утга нь эндээ бий. Гэтэл сая нээлттэй үлдсэн мэдээллийн хэрэгслэл нэгийг нь өрөвдөж нөгөөг нь яллаж, буруутныг илрүүлж, учир шалтгааны цаад ёзоорыг гэхээс гарсан үр дүнг нь тайлбарлаж, өөрөөр хэлбэл нийгмийн бухимдсан нэг хэсгийх нь аазгайг хөдөлгөн асуудлыг улам бугшуулах, эсвэл дэврээх хандлагатай байлаа. Зарим сэтгүүлчид дотроо хурсан атаархал хорслоо тайлж байна уу гэмээр авирласан шүү. Нэг хэсэг нь чулуун мөндөр дундуур амь хайргүй тэмцэн гүйж мэдээлэл цуглуулан мэргэжлийн нэр хүндээ авч гарч байхад нөгөө хэсэг нь тэжээмэл тахиа шиг үүрэндээ бөгчихөөд тааз харан юм зохиож бахаа хангаж байх юм. Фургон машинаар голоос чулуу зөөн авч ирж тарааж байсан гээд бичсэнийг уншсан. Барьж буй барилга үймээн дэгдээгчдийг зэвсэглэсэн гэдгийг бүгдээрээ л харж байсан биш үү? Бүр 36 тонн чулуу гэсэн тоо ч гарсан байсан. Энхбаяр, Элбэгдорж хоёр үгсэж байгаад самуун үүсгэлээ ч гэх шиг. Заавал бүх муу болгон тэр хоёртой холбоотой байх ёстой юм уу? Муулбал баримт түшмээр юм! Ер нь хямрал, хурц үйл явдал хүний цаад мөн чанарыг харуулдаг юм. Зарим нь мөнгө хараад юугаа ч худалдана, зарим нь өөрийн бүтэлгүй амьдралын бурууг бүтэлтэй яваа нэгэндээ тохож далим гаруут хорслоо тайлна. Ухамсарт хүний цаад ёзоорт адгууслаг чанар заавал нуугдаатай байдаг, түүнээ хүмүүжил, боловсрол, төлөвшил, ёс суртахуунаараа дарж чадсан эсэхээрээ л хүмүүс хоорондоо ялгагддаг.

ТӨР ДОРОЙТОЖ

Байгалийн баялагаа ашиглаад ядуурал зовлонгоос эгшин зуур гарах тухай сүүлийн хэдэн жил ярьлаа. Энэ бүхэн гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр бололцоогүй. Ийм аймшигт үймээний дараа хөрөнгө оруулагчдын хандлага ямар болох бол?
Асуудал хүндэрлээ л гэсэн үг. Хөрөнгө оруулахад найдвар муутай газар гэдгээ овоо сайн баталгаажуулаад авсан шүү дээ. Ашигт малтмал экспортлогч дэлхийн 72 орны хөрөнгө оруулалт хийхэд таатай жагсаалтад Монгол нь араасаа дөрөвт орсон. Зимбабвэ, Венесүэль, Болив гурав манай ард орсон байх. Хоюул гурвуулаа нийлж аваад л өөрсдийгөө хөдөлгөөн, фронт, арми гэж нэрлэн амаараа цагаан хөөс сахруулан “эх орон, ард түмэн” гэж орилон хүн айлгаж явдаг нь бараг моод болоо шив. Гэтэл иймэрхүү төрлийн жагсаалын оролцогсод нь төлбөртэй, зохион байгуулагчид нь захиалгатай, захиалагчид нь шантааж рэкетийн зорилготой байдаг нь нууц биш. Ноднингийн машин онхолдуулж шатаахаар зэхэж байсан жагсаалын зохион байгуулагчид 250 мянган долларын хөлсөөр үймээнээ нэг мөсөн зогсоох шаардлага тавьж байсан. Бас нэг удаагийн жагсаал 50 сая доллар нэхэж мөнгийг намын дансандаа хийхийг шаардаж байсан. Баримттай юм ярьж байна шүү. Ийм ийм тэртэй тэргүй байгаа суурин дээр болсон саяын үймээн хөрөнгө оруулах гэсэн хэнд ч том цохилт болно шүү дээ. Ард түмэндээ сая саяаар нь тарааж цацах юм ярьж сонгуульдлаа. Ийм хэмжээний мөнгө манай эдийн засагт огт байхгүй. Үүнийг зөвхөн байгалийн баялагийн ашиглалтаас олж болно. Газар дор буй ашигт малтмал асар их хөрөнгө оруулалтын хүчээр газар дээр гарч ирэн боловсруулагдаж тээвэрлэгдэж борлогдож байж сая жинхэнэ баялаг болно. Бидэнд ашигт малтмалаа баялаг болгох хөрөнгө ч байхгүй, туршлага ч байхгүй, үнэнийг хэлэхэд ийм хэмжээний ухаан боловсрол ч байхгүй. Хийгээд өгье гэснийг нь харин ч сайхан айлгаж байна даа.

Тийм л баримттай юм бол төр, засгийн газраас даврагчидтай яагаад хатуу тэмцэж болдоггүй юм бэ?
Манай төр данхар, тэгээд сул дорой байна. Автобусны мөнгөө өөрснөө төлөөрэй, нөхөн төлбөр засгаас олгоё гэхээр л дөрвөн зам дээр очоод хэвтчихдэг. Тэгэнгүүт нь л хуулиа засаад л буугаад өгчихдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч тэгэж байна гээд бусдын эрх ашгийг хохироож болохгүй. Хаана ч тийм л байдаг. Хэн нэг нь өөрийн эрх ашгийн төлөө бусдынхыг хохироож байвал тэр газар төр өмгөөлөгчөөр орж байх ёстой, энд л төрийн үүрэг бий. Гэтэл үерийн аман дээр гэрээ барьчихаад сонгуулиар барьцаалан үүнээ баталгаажуулж авна гэдэг бид ямар арчаагүй, хууль ёсгүй төртэй байгааг илтгэж буй хэрэг. Төв талбай дээр төрийн цагдаа хутгалчихсан хүнийг хөөрхий гээд л толгойг нь илээд өнгөрөөж байсан. Ордны цонхыг яйруулсны төлөө хэн хариуцлага хүлээсэн бэ? Ахмадын тэмцэл гээд нэг марзан юмыг зогсоож чаддаггүй л төр шүү дээ. Хэв журам сахиулах гэдэг нь төрийн өөртөө хүлээсэн энгийн үүрэг дээ. Хэв журам сахиулах чинь өөрөө ардчилал шүү дээ.

Саяын үймээн бол том сургамж. Монголд төрийг хүчирхийллээр унагаж сольж өөрчилж болдоггүй юм гэдгийг нэг мөсөн ойлгуулмаар байна. Мөн луйвар булхайгаар төрийн эрх авч болохгүй гэдгийг ч харуулмаар байна. Сонгуулийн булхайд биечлэн оролцсон ялангуяа төрийн ажилтнуудыг хуулийн дагуу цээрлүүлэх хэрэгтэй. Энэ бол айл ухснаас хавьгүй том гэмт үйлдэл гэдгийг нь олон түмэнд харуулах хэрэгтэй. Сургамж бол алдаагаа засах том боломж.


БИД АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЖ ЧАДНА

Гадаад ертөнц биднийг юу гэж үзэж байгаа бол?
Сонин хандлагууд ажиглагдаж байна. Оросын ГЯЯ-ы сайд Лавров энэ хэргийг шууд л Өрнөдийнхөнтэй холбож байна. Туслахад бэлнээ ч илэрхийлсэн. Юугаар? Дахиад л цэргээр үү? Манай хойд хөрш өмнөдтэй баланс барин харгалдахуйц хэмжээнд эргээд томорч буй нь сайн хэрэг. Гэхдээ дахиад л империалист санаархалтай томролт явагдвал сайнгүй л байх.

Үнэндээ саяын самуунд Оросын ч, Хятадын ч, Америкийн ч оролцоо байгаагүй байх. Оросууд ерөөсөө парнойтой, манай нийгэм ч парнойтой. Лавров саяын үймээнийг “өнгөт хувьсгал” гэж тодорхойлох маягаар АНУ-тай холбож байна билээ. Магадгүй тэдний зангаагаар үймээнийг шулуухан Ийгл телевизтэй ч холбоод үзэх монгол гарууд гараад ирж. Өнгөт хувьсгал гэдэг нь тодорхой дарангуйлагчийг хөөн зайлуулах процесс. Сонгуулийн дүн гарчихаад байхад түүнийг үл хүлээн зөвшөөрч үймээн үүсгээд дарангуйлагчийг хөөн явуулсан Гүржийн, Украйны, Киргизийн үзэгдэл. Бидэнд хөөж явуулах дарангуйлагч байхгүй. Энхбаяр дарангуйлагч болохыг мөрөөддөг болохоос дарангуйлагч биш. Монголын нийгэм улс төрийн хөрс угаасаа дарангуйлагч төрүүлэхгүй. Балтын гурван орныг эс тооцвол хуучин Зөвлөлтийн бүх орнуудаас бид хавьгүй илүү ардчилалтай, тэр маань хамаагүй илүү баталгаажсан. Өнгөт хувьсгалд итгэсэн, үүнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс манайд нэг биш бий. Гэвч үүнийг манай нийгэм дэмжихгүй гэдэг нь харагдсан. Бид өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх бүрэн бололцоотой. Маргаантай ч хэрүүлтэй ч, жагсаалтай ч тэр байтугай үймээн самуунтай ч бид асуудлаа ардчилсан ёс дэгээр өөрсдөө зохицуулж өөрсдөө шийдвэрээ гаргах эрийн цээнд хүрсэн. Буруу шийдвэр гардаг ч байсан бидний л шийдвэр. Алдсан ч бидний л алдаа. Дотоод асуудлаа зохицуулах, хувь заяаныхаа шийдвэрийг гаргахдаа гадны тусламж авмааргүй байна.

Лав л өвөр Монголын зурагт үйл явдлын тухай таг дуугүй өнгөрөх шиг болсон. Хувьсгалын халдвараас болгоомжилсон болов уу. Өрнөдийн мэдээллийн хэрэгслэлүүд илүү бодитой, хөндлөнгийн, эрүүл саруул байлаа. NHK, BBC, CNN, Ройтэр болон Солонгос, Герман, Энэтхэгийн мэдээлийн хэрэгслэлийн хандлагыг зориуд ажигласан.

Асуудлыг одоо яаж шийдэх вэ? Дахин сонгууль явуулах уу?
Сонгуулийг дахих болбол хуулиар шийднэ. Хуулийг тогтоодог институци бий. Шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс бий. Тэдний шийдвэрээс бүх юм хамаарна. Иргэний хувьд бодоход дахин сонгууль явуулах нь утгаар бага хэрэг. Тийм тэнхэл бий юу? Оюун санааны хувьд ч, хөрөнгө мөнгөний хувьд ч? Мэдээж сонгууль дахиулж даагаа нэхэх хүсэл олон хүнд бий л байх. Гэхдээ л тооллогыг дахин явуулж холио солио хийсэн нь дээр болов уу? УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, сонгуулийг дахин явуулах гэх мэтийн талаар ярьж л болохоос нэг хийгээд эхэлбэл эрүү нь байнга мултардаг хүн шиг болно шүү дээ. Хамгийн гол нь луйврын сонгууль хойшид болохгүй байх нөхцлийг л бүрдүүлэхэд анхаарлаа хандуулмаар. Энэ л чухам үйл явдлаас авах хамгийн том сургамж, хичээл.


2008.7.7

Ярилцсан Л.Мөнхбаясгалан


Шог зураач С.Цогтбаяртай ярилцлаа.-Нийгмээ, цаг vеэ анзаардаггvй, vvссэн аливаа нєхцєлд хувь хvнийхээ тухайд vнэлэлт єгдєггvй уран бvтээлч, тэр тусмаа шог зураач гэж vгvй биз ээ. Єнгєрсєн хэд хоногт яг юу болоод єнгєрєв єє?


-Хар дарсан зvvднээсээ сэрж, юу болчихов гэдгийг эргэцvvлж сууна. Хар цагаан, vнэн худлыг тунгаах эрvvл ухаан хvмvvст одоо л орж эхэллээ.
Єнгєрсєн хэд хоногт буурь суурьтай бодох, ямар нэгэн гаргалгаа гаргах боломж хэнд ч байсангvй. Учир нь, хvн бvрийн сэтгэл vймэрлээ, бидний хэн ч ийм юм ємнє нь vзээгvй байлаа. Хэдийгээр бидний амьдралд 1990 оноос хойш маш олон шинэ содон зvйл орж ирсэн ч ийм байдалд хvрсэн нь vгvй. Зєвхєн телевизийн дэлгэцнээс л хардаг байв. Гэвч vзлээ. Энэ утгаараа тэр vймээнийг зvгээр л сонирхон vзэх гэсэн хvн тэнд очигсдын магадгvй 70 хувь нь байсан ч байж мэднэ. Олонхийнх нь сонирхол дийлэх шиг санагдсан. Энэ хандлага нь надад амьд бухтай тулалдаж, алж байгааг харах гэсэн испаничуудын зэрлэг цэнгэл ч юм шиг, эсвэл эртний ромчуудын бие биеэ хєнєєх мэсчин боолуудын тэмцлийг харж таашаал авдаг тэр хар масс шиг санагдсан. Гэвч тэнд байсан олон хvн єєрийнх нь машины шил хагарах, толио алдахад єдєржингєє шогширдог л байж таараа шvv дээ. Хатуухан хэлэхэд унаж явдаг vмхий эксел нь єєр машинтай шvргэлцэхэд єдєржин зам хааж, ахиухан мєнгє авахыг боддог шиг тийм єчvvхэн, хувийн атгаг хvсэлтэй хvмvvс ч бас байсан. Эдгээрээс vvдэхэд нээрэн болж буй vйл явдлаас ангид, тэс єєр юм бодож суудаг уран бvтээлч байдаггvй байлгvй.

-Сvvлийн нэг жил таны зурсан улс тєрийн шог зургууд ємнєхєєсєє арай тvлхvv харагдах болсон нь ажиглагдаад байгаа?
-Єнгєрсєн намраас танай "Ардчилал" сонин болон "Єнєєдєр", "Єдрийн сонин"-той улс тєрийн шог зургаа олонд хvргэх тал дээр хамтран ажиллаж байна. Энэ нь улс тєрд анхаарлаа хандуулахад, илvv тvлхvv сонирхоход нєлєєлсєн. Єдєр тутмын бараг бvх сониныг захиалж, байнга уншиж байна. Ингэж байж єнєєгийн улс тєр, нийгмийн хандлагын багцаа, дvр зураг бууж, тодрох юм. Гэхдээ энэ нь зєвхєн миний хувийн бодол учраас бvгдэд заавал таалагдах албагvй.

-Таны ямар гаргалгаа хэнд таалагдах албагvй гэж?
-Юун тvрvvнд монголчууд бvгдээрээ их том шалгалтад уналаа. Тєр засаг, хууль хvчнийхэн, нам улс тєрийн хvчнvvд энэ шалгалтад бvгд уналаа. Хамгийн эмгэнэлтэй энэ єдєр хоногуудад хангалттай хvчтэй, ухаалаг бодлоготой тєр засаггvй байлаа. Єєрєєр хэлбэл, Монгол Улс Засгийн газаргvй байлаа. Тодруулбал Баяр гэдэг хvн Ерєнхий сайд байж чадсангvй. Тэрээр энэ чухал, хариуцлагатай vед МАХН-ын даргынхаа ажлыг хийгээд л таарсан. Ийм нєхцєлд гvйцэтгэх засаглалын vvрэг хамгийн єндєр байх ёстой. Энэ хvнээс гол шийдвэрvvд гарч, тvvнийг нь хууль хvчнийхэн биелvvлэх байсан. Гэтэл энэ хvн намынхаа ажлаас илvv гарсангvй. Тухайн vед хийлгэсэн хэвлэлийн хурал, ярьж байсан зvйлийнх нь єнцєг ямар байсныг хvмvvс санаж байгаа байх. Байдал хяналтаас гарч, улам эгзэгтэй болохоос ємнє, магадгvй Уран зургийн галерей, Морин хуурийн чуулга галд єртєєгvй байхад арга хэмжээ авахын оронд сэтгvvлчдэд мэдээлэл хийж, хємхийгєє зуусан аястай мэдэгдэл уншаад сууж байсан. Уг нь, би Баярыг анхнаас нь хvндэтгэдэг байсан. Алтайтай хамт "Цаг vе залуучууд" нэвтрvvлэг хийж байхаас нь л мэднэ. Надаас хэдэн насаар ах боловч би тvvнийг харж ажиглаж, vнэлж явдаг байв. Оны есєн алдартан тодруулах санал асуулга ирэхэд Баярыг хамгийн тvрvvнд нэрлэж л байсан. Энэ хvн бол хvчтэй, чадалтай улстєрч. Гэхдээ тvvний ухаан, боловсрол, чадвар мэдлэгийг ингэж ашиглах нь харин хаашаа байдаг юм. Хошигнож хэлбэл бэлгийн чадваргvй болчихсон тэр МАХН-д Баяр "виагра" болж тvр зуурын vйлчилгээ vзvvлж байгаа нь хамгийн харамсалтай. "Виагра" хэт их хэрэглэвэл эрvvл мэндэд эргээд маш муу vр нєлєє vзvvлдэг гэдгийг анагаах ухаан нотолчихсон.

Vеэ єнгєрєєсєн энэ намыг аль болох удаан оршин тогтноход нь хэзээ болтол эм болох вэ. Харин ч эсрэгээр хєгжил дэвшилд, єєр зvйлд тvvний чадварыг ашиглаасай гэж боддог. Би энэ намд таагvй ханддаг хvмvvсийн л нэг. Гэхдээ энэ нам хvчээр биш, зvй тогтлоороо шинэчлэгдээсэй гэж боддог. Оросоос жишээ авъя л даа. Ельцин яг цагийг нь олж комуннистуудаа хазаарлаж чадсандаа дараа дараагийн маш хортой vр дагавруудаас зайлж чадсан. Магадгvй иргэний дайн болох байсныг зогсоосон. МАХН 80 жил улсаа гvрний дайтай авч явсан гэх мєртлєє гай бvхнийг бусад руу тvлхээд байдаг.

-Болж єнгєрсєн эмх замбараагvй байдлаас болж л энэ хvнд ийн шvvмжлэнгvй хандаад байна гэж ойлгож болох уу?
-Баяр надад их сонин хувь хvн санагддаг л даа. Яагаад ч юм нэртэйгээ зохицоогvй зан араншин гаргаад ч байгаа юм шиг. Энэ зан чанар улстєрч хvнд байх шаардлага байдгийг vгvйсгэхгvй. Стратеги судлалын, элчин сайдын ажлыг олон жил хийсэн нь нєлєєлдєг ч байж болох юм. Vймээний vед Баяр "Би намынхаа байрнаас хамгийн сvvлд гарч ирлээ" гэсэн нь хvмvvст эргэлзээ нэмсэн. Энэ хvн тодорхой шийдвэр гаргахгvй байснаас хvчний байгууллагынхан нь ямар сул дорой гэдгээ ард тvмэндээ харууллаа. Энгийн vед нэг л их олон цагдаа хєлхєлдєєд л байдаг. Бид єєрсдийгєє амар амгалан байх магадлал дvvрэн гэж боддог байсан бол энэ vйл явдал тэднийг шалгалтад нь унагалаа.

-Та сая цагдаа шалгалтад уналаа гэлээ. Хамгаалах, хvч хэрэглэх хэрэгсэл дутмаг байгаа нь хэн бvхэнд харагдаж байсан л даа. Гэвч боловсрол нимгэн цагдаа нарт буу, сум тавиад єгчихвєл байдал харин ч эсрэгээр эргэчих вий гэсэн болгоомжлол бас байгаа?
-Цагдаад чанаргvй боловсон хvчин олон байдаг нь харагдсан. Гэхдээ заавал энэ єнцгєєс нь хараад байж болохгvй л дээ. Гар нvцгэн босогчдын дэргэд цагдаа нар бамбайтай, дуулгатай байсан биз дээ. Гэсэн ч бага дээр нь дарж чадаагvй. Vйл явдлын бичлэгийг харж байхад тэр олон улайрсан хvмvvс дунд нэгийгээ хаяад зугтаж байгааг нь хараад таагvй сэтгэгдэл тєрж байв.

-Ганцхан телевизтэй дєрєв хоног ямар санагдав?
-МVОНРТ мєн л шалгалтад уналаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн vйл ажиллагаа хэвийн байхад бид анзаарахаа больчихсон байж. Єчигдєр би нэвтрvvлэгч Равдан ахтай уулзаад "Таны тэмцэж байсны учрыг би саяын єдрvvдэд л дєнгєж ойлголоо" гэж хэлсэн. Vндэсний телевизэд миний олон найз, хvндэлдэг хvн ажилладаг. Гэтэл бид ардчиллын замаар эргэлт буцалтгvй энэ олон жил явчихаад ямар цаг vе рvv эргэж очих гээд байна аа гэж бодогдсон. Ардчиллаа улам бататгах, хамгаалах цаг vе нэгэнт иржээ.

-МVОНРТ-ийнхэн биш болчихоод байна уу, тэднийг биш болгоод байна уу?
-Биш болгоод байна. Хэрэв тэнд байгаа уран бvтээлчдэд боломжийг нь олгоод, эрх чєлєєг нь єгєх юм бол сайхан уран бvтээл хийж чадна. Телевизэд насаараа ажиллачихсан, зvрх сэтгэлээ єгчихсєн, жинхэнэ мэргэжлийн хvн олон бий. Бололцоо нь алга. Хаана эрх чєлєє боогдоно тэнд ялзрал бий болно. Би бол дунд vеийн уран бvтээлч. Социализмын vед намын тєв хэвлэлд ажиллаж байсан. Монголын чєлєєт сэтгvvл зvйн хєгжлийн vе шатыг биеэрээ туулж vзсэн. Ялангуяа оюун санааны, уран бvтээлч хvний хэвлэн нийтлэх тэр эрх чєлєєний амтыг мэдэрсэн хvн. Тиймдээ ч би ардчилалд хайртай. Ахиад би чєдєртэй болмооргvй байна ш дээ. Магадгvй энэ удаагийн адал балмад vйл явдлын хор хєнєєлийг нийт иргэдэд, ардчилалд, хувь хvмvvсийн эрх чєлєєнд халдах арга зам болгох вий хэмээн эмзэглэж байна. Энэ vйл явцыг сонгуулийн луйвраа нуух батламж болгохын эсрэг байна.

-Олон жил бугласан идээ бээр хагарч байна гэдэгтэй санал нийлэх vv?
-Нийлнэ. Бидний амьдралд єдєр тутам тохиолдож буй, эс ширхэг болгонд минь мэдрэгдэж байгаа шударга бус байдлыг vгvй хийхийн тєлєє л хvмvvс хашгирч байна. Гэхдээ энэ нь тийм хєєрєгдєєд байх юм биш. Уран бvтээлчийн хувьд урлагийн байгууллагуудад халдсанд эмзэглэж байгаа. МАХН-ын байр ч гэсэн барилга архитектурын хувьд ч Монголдоо нvvр царай болох сайн шийдэлтэй гэж бодож явдаг. Vvнд харамсахын зэрэгцээ тус намын архив шатсанд хэлэх vг олдохгvй байна. Тэнд Монголын XX зууны тvvх бараг тэр чигээрээ байсан. Мєнгєєр vнэлж баршгvй юм. Байшингаасаа хэд дахин vнэтэй шvv дээ.

-Vймсэн олны vйлдлээс улстєрийн бус шалтгаан олж анзаарав уу?
-Бид євгєдийн хэлдгээр цєвvvн цагт амьдарч байна. Vvнийг хvмvvсийн сэтгэл муудсантай, хатуу хахир авир ааштай болсонтой холбоотой гэж ойлгох нь зєв юм шиг байгаа юм. Магадгvй монголчууд харийн гvрнvvдййн хоёр, гурван зуун жил туулсан замыг 18 жилд vзэж, єнгєрєєлєє. Тэгсэн хэдий ч соёлт ертєнцийнхний хэлдгээр зэрлэг баруун гэх тодорхойлолтод хамрагдаж, мєнгє бvхнээс vнэтэй болсон цаг vед амьдарч байна. Шударга ёс, байрандаа байх бvх зvйл эмх цэгцээ алдах ийм vе иржээ. Мєн бусад хvн жижиг гэж болохуйц шалтгаан байв уу гэсэн гаргалгаа хийхийг оролдож сууна. Би єєрєє хотын унаган хvvхэд. Яаж ч давсаг чинэрсэн ч гудамжинд морь хардаггvй. Гэгээн цагаанєдєр чулуу бариад цонх хагалж чадахгvй. Энэ бол надад тогтсон дархлаа. Миний суртахуун. Гэтэл хотын соёлтой залуус хэдэн зуун мянгаараа гадаадад гарсан. Тэдний орыг мєн л хэдэн зуун мянган ямаа хариулж байсан хєдєєнийхєн эзэлсэн.

Тэд нутагтаа сумын тєвєєр архи эргvvлэхээс єєрийг хийдэггvй байсан гэхэд хатуудахгvй. Эрvvгийн нєхцєл байдал хvндэрсэн нь vvнтэй холбоотой. Гэмт хэргийн тухай мэдээнд нэр холбогдож байгаа залуус эрхэлсэн ажилгvй, тодорхой хаяггvй, орон нутгаас шилжин ирсэн бай¬гаа нь ажиглагддаг. Би бvр гайхдаг юм. Эрvvл саруул, ид хийж бvтээх насны хэдэн зуун залуу халуун наранд автобусны буудал дээр биллярд тоглож єдєр єнгєрєєж байгааг. Vймээн самуунд тэр нєхєд л очсон байсан ш дээ. Тэд ямаа хариулж явснаас ямаха хєгжим гэж юу байдгийг, мастер морин хуур гэж ямар vнэтэй болохыг мэдэхгvй.

-Ямаа хариулж байсан залуус тэр хэвээрээ vлдэх ёстой юу, эсвэл ямаха хєгжимд суралцах хэрэгтэй юм уу?
-Тэднийг ийм байдалд оруулсан нь єєрєє шалтгаан юм. Тvvнээс хэн нэгнийг ямар байгаагаар нь дvгнэх хэцvv л дээ. Энэ байдал Энэтхэгийн нєгєє кастын систем гэдгийг санагдуулаад байгаа юм. Ардчилсан нийгэмд сайхан амьдаръя гэвэл бид бvгдээрээ жигд хєгжих хэрэгтэй. Хэн нэгэн цойлж баяжаад байх нь чухал биш, Баяжсан хэсэг нь хичнээн олон давхар хашаатай хауст амьдарлаа ч vр хvvхдэд нь аюул заналхийлсээр байх болно. Рио де Жанейро шиг тийм аймаар болчих вий дээ. Тийм хотуудад гэмт хэрэг нь хяналтаас гарчихдаг, хууль хvчнийхэн нь дийлэхээ байчихдаг, vvнийгээ албан ёсоор хvлээн зєвшєєрчихсєн, авлига нь дээд цэгтээ хvрчихсэн байдаг. Ийм байдал руу турхирсан vр хєврєл иргэний хєдєлгєєнийхєн тєрийн ордон руугаа дайрч, цонхыг нь хагалж байхад, дараа нь оюутнууд машин шатаах vед бvрэлдэж байж гэж одоо бодогдож байна. Ийм анархизм, адал балмад vйлдлийг хамгийн хvчтэй эсэргvvцдэг хvчин бол ардчиллынхан. Харин ч хvлээн зєвшєєрч, улс тєрийн зорилгодоо ашигладаг нь нацистууд, коммунистууд юм. Энэ бvхэнтэй ардчиллыг, Элбэгдорж, Сосорбарамыг хутгах гээд байгаа энэ оролдлогууд нь Бат-Vvийг хамгийн дотны найзынхаа амийг хєнєєсєн хэрэгт холбогдуулах гэж оролдсон тэр vеийг санагдуулж байна. Энэ бол доромжлол. Иймэрхvv бохир заваанаас ангид ардчиллыг авч явсаар ирсэн улстєрчдийг тэр амны салиа нь арилаагvй хэдэн залуутай жишнэ гэдэг бол утгагvй зvйл.

-Vймээнд оройлон оролцсон нvцгэн залуус ардчилал, коммунизмын ялгааг мэдэхгvй нь тодорхой юм. Нас нь ч хараахан болоогvй байгаа байх л даа?
-Ойлгомжтой шvv дээ. Тэд мэдэхгvй байгаа. Тэднийг ийм юмны наадах цаадахыг ойлгохгvй, мэдvvлэхгvй байлгах сонирхол эрх баригчдад байна. Єєрєєр хэлбэл, залуусыг зэрлэг, ядуу байлгахыг хvсч байна. Хvн гэгээрнэ, бусдыг хайрлана, элбэг баян амьдарна гэдгийн мєн чанарыг мэдрvvлж, тvvнийхээ тєлєє тэмцдэг байх эрхийг нь хязгаарлах нь хэнд ашигтай вэ. Коммунистуудад л. Тэд л хамгийн тvрvvнд боловсролтой, сэхээтэн, чадал ухаантай хvмvvсийг сорчилж устгадгийг тvvх гэрчилдэг. Маогийн хэлсэн "Ард тvмэн бол юу ч бичиж болох цагаан цаас" гэсэн алдартай vг байдаг биз дээ. Ийм цаас байлгах, тийм мартамтгай байлгах, арчаагvй, бусдын толгойгоор амьдруулах эрх ашиг тэдэнд одоог болтол байсаар байна. Ингэж гэмээнэ єєрсдийнх нь оршин тогтнох нєхцєл бий болдог. Хогийн євс ургуулах хєрс нь болдог.

-Онц байдал зарлаж байгаа нь єєрєє коммунист арга барил юм биш vv?
-Биднийг юу болж байгааг мэдрэх мэдрэмжгvй, гэрэлтэй орчноос гэнэт харанхуй руу оруулахтай адил нєхцєл байдлыг бий болгох нь тэдэнтэй ижил дэглэмийг эрхэмлэгчдийн арга барил. Биднийг тэр харанхуйд тэмтчvvлэх гээд байна ш дээ. Чєлєєт хэвлэлийн, єєрийн гэсэн бодолтой хvмvvсийн vг хэлэх эрх чєлєєг vгvйлсэн єдрvvд єнгєрлєє. Онц байдал цуцлагдмагц, чєлєєт телевизvvд дахин гарч эхлэхэд нvд нээгдэх шиг болж байсан. Эрх баригчдын хэрэгжvvлсэн арга нь дэлхийн олон орны улс тєрийн тvvхэнд цєєнгvй байдаг. Наад зах нь л Рейхстагийг шатаасныг дурдаж болно. Тэгэхэд манайд тохиосонтой тун ойролцоо нєхцєл vvсссэн гэж тэмдэглэсэн байдаг. МАХН экс комуннист vзлээсээ хурдан, тэгээд зоригтой салаасай. Намынхаа хурал дээр ярьж байсан ч шинэчлэл харагдахгvй байна. Энэ нам ийм янзаараа байгаа цагт шинэчлэл гэж яриад ч, бухимдал арилахыг хvлээгээд ч нэмэргvй нь. Шударга ёс гэж яриад байгаа нь зєвхєн ардчилсан зарчимдаа байгаа хэрэг биш, Ардчилсан намдаа ч байгаа юм биш хvн тєрєлхтєний сонгосон зам гэдэгтээ л утга нь байгаа юм. Хятад, Хойд Солонгос, Куба гурваас єєр коммунистдарангуйлагч дзглэм дэлхий дээр vлдээгvй. Бид єєрєєр амьдармаар байна ш дээ.

-Vймээн самууны сургамж нь юу байв?
-Ерєєсєє эрх баригчдын vг, vйлдэл, авч хэрэгжvvлж байгаа ажлууд нь ардчиллыг нухчин дарах гэсэн, бидний сонголтын эерэг чиглэгдсэн байлаа шvv дээ. Ийм байдлыг хэзээ ч хvлээн зєвшєєрєх ёсгvй. Ємнє хэлсэн, бид бvгдээрээ шалгалтад нэгэнт уначихлаа. Гамма гэрэл зургийн агентлагийн залуус болон Цацралт маань энэ vйл явдлыг нэг бvрчлэн харуулсан цомог гаргах гэж байна. Тэр цомгийн нэрийг бид ярилцаад "Бvv март" гэж єгєхєєр тохирсон. Бид энэ єдрийг мартах эрхгvй. Тийм учраас олон талаас нь маш сайн ярилцах, шvvн тунгаах ёстой. Хэн нь хэн бэ гэдгийг энгийн иргэдэд таниулах хэрэгтэй. Хэн нь улстєрч, хэн нь удирдагч, хэн нь сонирхогч вэ гэдгийг ялгаж єгєх цаг нь болж. Хамгийн гол нь хэн эрх мэдлийн тєлєє бvхнийг золиосолж байгааг хэлэх хэрэгтэй.

-Бид хэтэрхий их талцаж, туйлширснаасаа ийм эмгэнэлт байдалд хvрчихээд байгаа юм биш vv?
-Ийм байдал хэвлэл мэдээллийнхэнд илvv ажиглагдаж байна. Нэг бол эрх баригчдыг уухайлан дэмжиж, эсвэл сєрєг хvчний дуу хоолой болж байна. Хэвлэлийн хамгийн чухал vvрэг бол голч тєв байр сууринаас тэнцвэртэй мэдээлэл тvгээх юм. Би энэ чухал, эгзэгтэй vед талийгаач Балдорж гуайг маш ихээр vгvйлж байна.

Энэ хvн Монголын сэтгvvл зvйд эталлон гэж яригдах эрхтэй байсан. Тvvний эзгvй "Єнєєдєр" сониныг би ажиглаж байна. Тэр Батбаатар хаачив, Болормаа хаачйв, Баасандорж хаачив. "Vнэн" сонины школьтой болоод ч тэр vv би энэ сонины ємнє баримталж байсан чиг баримжааг хvндэлдэг байв. Тvдэв гуайн тавьсан энэ школ 1987-1988 оны vеэс нийтлэлийн бодлогоороо Монголын ард тvмний сэтгэл зvйг ардчилалд бэлдсэн юм шvv. Сvvлийн vед "Єнєєдєр" сонины нийтлэлvvд, тэр Сосорбарамын тухай бичсэн зэрэг нь Баяр даргын амнаас гарч буй vг шиг санагдах болж. "25 дугаар суваг" телевизэд ч ийм єнгє аяс анзаарагдаж эхэллээ. Уг нь энэ телевиз Монголын ардчилалд vнэхээр гавьяа байгуулсан юм шvv дээ. Ингэж итгэл vнэмшлээ гээж, тєв байр суурьгvй, уулгамч авгай цочингуутаа дэргэдэх хvнээ шанагадаад авдаг шиг байж болохгvй л дээ.

Б.МЄНХЗАЯА
дугаар 134/453/

Мэдээллийн эх сурвалж:


No comments: