Wednesday, July 2, 2008

Сэтгэл эмзэглэж байна

Монголчууд ардчилсан улс болсоноосоо хойш анх удаа эсэргүйцлийн жагсаал нь хүний аминд хүрч цаашлаад иргэний дайны ирмэгт ч хүрч болохыг ухаарлаа.Улс төрийн соёлд суралцаж бие биенийгээ үгийг сонсох тэвчээр ухаан хаана хаанаа байхгүйг сая л нэг юм ойлгоцгоож ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бие биенээсээ бурууг хайж хэрүүлийн галыг өрдөцгөөж эхэллээ.Бид 90 оны ардчилсан хувьсгалыг оготны хамраас ч цус гаргалгүй хийсэн хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг байсан хаа байнаа.Сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж байр сууриа тодорхой илэрхийлдэг,эрх баригч нар нь засгаа барьвал барьсан шиг барьж хариуцлагаа хүлээдэг байсан бол сонгуулийн дүн ч ингэж гарахгүй байсан юм даа.Хаан сонголт энэ тэр гэж хуйвалдааны маягтай засаг барьж түүнийхээ балгыг амсаж огцорч улстөрийн хор найруулж байсны үр дүн л энэ байна.Хоёр намын цус ойртсон олигархуудын хийж байгаа ард түмнээ боддоггүй амин хувиа хичээсэн олиггүй хуйвалдаанууд ,авилгал худал хуурмаг бүхэн ард түмний тэвчээрийг барж байна.Хэдийгээр аливаа бослого жагсаал бүхэн ухаалаг эв эеийг сахисан байна гэсэн теором байдаггүйтэй адил саяны жагсаал цуглаан эцэстээ танхай балмад архичидын үймээн ,түүнийг өөгшүүлж байсан хэсэг бүлэг хүмүүсийн зорилгыг биелүүлж ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлж орхилоо.Одоо үр дүн бол ойлгомжтой аливаа нэгэн эсэргүйцэл жагсаал бүхнийг нухчин дарах өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэх хууль эрх зүй ес суртахууны эрхтэй боллоо энэ авилгачид хуйвалдагчид .Сая Төвдөд болсон эсэргүйцлийн тайван жагсаалыг Хятадын тусгай албад өөрсдийн хүмүүсийн тусламжтайгаар эмх замбараагүй байдал болгон өдөөж эцэс сүүлд нь нухчин дарсан нь үүний нэг жишээ юм.Бид өөрсдийнхөө газар нутаг дээр өөрсдийнхөө асуудлыг эв зүйгээр шийдэж чадахгүй болтлоо мунхарсан улсууд биш билээ.Тэгээд ч бидэнд цус урсгах хүртэл хурцадсан асуудал байхгүй биз дээ.Хүлээцтэй тайван ухаалаг байх саруул ухаантай сайхан ард түмэн билээ.Болсон явдалд хаана хаанаа дүгнэлт хийж тулгарсан асуудлаа эв зүйгээр шийдэж байх гарц олж байхыг л хүсэж байна.Сэтгэл өвдөж зүрх шимширч байна.Амь үрэгдсэн хүмүүсийн тухай үнэнийг нийтэд мэдээлж буруутай этгээдүүдийг олж шийтгэж шудрага ёсыг тогтооно гэдэгт итгэж байна.

No comments: